loader

Мэдээ мэдээлэл

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

 


Засгийн газраас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргаж, энэ ажилд зэвсэгт хүчний дайчдыг ажиллуулахаар болоод байгаа билээ. Энэ шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн Мандах сумын Будран багийн нутагт өнөөдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын нийт урт 414.6 км юм. Энэ цэгээс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций чиглэлд эхний ээлжийн 50км төмөр замын зураг төслийг гаргасан тул бүтээн байгуулалтын ажлыг энэ цэгээс албан ёсоор эхлүүлж байна хэмээн "Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл  нээлтийн үеэр хэллээ.

Төмөр зам барьж байгуулахад нийт 3700 орчим хүн, 1352 машин механизм ажиллана. Шууд байдлаар 3700 орчим хүн ажил орлоготой болох бөгөөд шууд бусаар буюу материал, техник хангамж, ус, хүнс хангамж зэргээр 10 мянга орчим хүн, тэдгээрийн гэр бүл төслийн барилга угсралтын бүтээн байгуулалтын үед орлоготой болох юм.

Энэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэх үеэрээ "Энэ бүтээн байгуулалтад оролцож байгаа бие бүрэлдэхүүн цалин авч, тэдний өмсөж зүүх, идэх хоол хүнс гээд бүгдийг дотоодоос авч байна. Энэ бол бид өөрсдөдөө өгч буй үр өгөөж юм.

Бид хийж бүтээж чаддаггүйн жишээ байх ёсгүй. Энэ бүтээн байгуулалтаараа хийж бүтээж чаддагийн жишиг болох ёстой” хэмээн онцолжээ.


Шинэ мэдээ

Сурталчилгаа